Хүүхэд тань 2-3 нас хүрч цэцэрлэгт хамрагдсанаар хүүхдийн амьдрах орчин тэр чигээрээ өөрчлөгдөж өдрийн дэглэм баримтлах, сахилгын дэг журмын шинэ шаардлага, ойр дотнын хүмүүсээс холдох, танил биш үе тэнгийнхэн, дасаагүй шинэ орчин гэх зэргээр бүх зүйл ганцхан өдрийн дотор өөрчлөгдөж хүүхдийн бие , сэтгэл хямардаг байна. Үүнээс болж хүүхэд уйлах уцаарлах, айж эмээх, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг эхний 7-14 хоног үргэлжилнэ.
Мөн хүүхэд зөвхөн гэр бүлийн хүмүүсийн хүрээнээс гарч олон хүүхэдтэй орчинд ороход дархлааны систем нь шинэ орчинд дасах гэж ойр ойрхон өвдөх, ханиад хүрэх гэх мэт бие организм нь хямрах шинж тэмдэг гардаг.
Эцэг эхчүүд маань хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө гэрийн дэглэм, сурсан мэдсэн дадал хэвшлийг аль болох цэцэрлэгийн дэг журам, цэцэрлэгийн цагийн хуваарьтай ижилсүүлж өгвөл хүүхэд маань цэцэрлэгтээ хурдан дасан зохицоно.
Эцэг эх-Багш-Хүүхдийн гуравласан дотно эерэг, зөв, системтэй харилцаа хамтын ажиллагаа нь таны хүүхдийн өсөлт хөгжил, дадал хэвшил, бие бялдар, сэтгэл зүй, оюун ухааны хөгжилд маш сайн үр дүн үзүүлдэг. Тийм учраас шинэ орчин болох цэцэрлэг, анги , багш, найз нөхөддөө аль болох хурдан дасан зохицох, үеийнхэнтэйгээ харьцаж сурах үйл явцад нь хүүхэддээ туслах талаар эцэг эхчүүд маань багштай хамтран ажиллах ёстой.
Мөн хүүхэд 18 нас хүртлээ зогсолтгүй өсөн төлжиж байдаг ба бие организмийн үндсэн суурь хэрэгцээ нь амин дэм, уураг, илчлэг сайтай хоол хүнс, нойр байдаг. Хүүхэд маань унтаж байхдаа өсөн ургаж, өвчин нь илааршиж, оюун ухаан нь цэгцрэн сэтгэл санаа нь тайвшран байдаг.
Хүүхэд тань өдөрт дор хаяж 10-14 цаг унтаж байх ёстой ба 1-3 настай хүүхэд өдрийн цагт нэмэлт 2 цаг зайлшгүй унтах шаардлагатай байдаг. Ингэж унтаж байж хүүхэд маань нойрон дотроо ургаж төлжиж, өсөн бойжиж байдаг.
Манай зарим эцэг эхчүүд бага насны хүүхдүүдтэйгээ хамт шөнөжин зурагт үзчихээд өглөө хүүхдээ дутуу нойртой нь цэцэрлэгт авчирч өгөх, түүнээс болж хүүхэд өдөржин нойрмоглон уур уцаартай, уйлагнасан хөгжүүлэх хичээлийн ачааллыг даахгүй сурах хөгжих чадвар нь сулардаг.
Мөн хүүхэдтэйгээ шөнө орой удаан хугацаагаар зурагт үзээд өглөө нь хамтдаа унтсаар, цэцэрлэгт ирэх цагаасаа оройтож өдрийн дэглэм зөрчихөөс гадна эрүүл мэндийн буруу дэглэм хүүхэддээ төлөвшүүлж байдаг байна. Энэ мэт эрүүл мэндийн буруу төлөвшил нь эргээд хүүхдийн тань бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, зан харилцааны хөгжил төлөвшилд сөргөөр нөлөөлдөг.
Хүүхдүүдээ сега тоглоом, ipad, iphone, зэрэг компьютржсэн техникээс хол байлгах ёстой. Хүүхэд хар багаасаа компьютр тоглоом тоглосоноор, тоглоомын донтолт үүсэх ба ийм хүүхдийн тархи оюун , зүрх сэтгэлд хөгжих ёстой төрөлхийн бүтээлч чадварууд, харилцааны төлөвшил, энэрэнгүй сэтгэл, гоо зүйн хүмүүжлийн суурь нь хангалтай сайн тавигдаж чаддаггүй байна.
Дээрх зөвөлгөөг анхааралдаа авч эерэгээр амьдралдаа хэрэгжүүлэн хамтран ажиллавал хүүхэд тань сургалтандаа бүрэн хамрагдаж өөрийгөө нээн авьяас чадвар нь бүрэн хөгжиж бага насандаа олгогдох суурь боловсролыг эзэмшинэ гэдэгт итгэлтэй байна.
Танд амжилт хүсье.
“Их Монголын Үрс” цэцэрлэг